24 March 2010

Би байсан

Дээлэндээ багтаж ядан аархаж

Дэлхийн талыг эзэлж явсан
Монгол удмынх болохоор
Дэнж хотойсон наадмын зvлэг ногоон дэвжээн дээр
Дэвээд өөдөө боссон нь би байсан
Дэлгэр намрын гурван сардаа
Дэлийг нь зассан морьд шөнөжин үүрсэж хоноод
Дэмбээ аялж найрласан Монгол гэрийн хойморт
Дэндүү их халамцсан нь би байсан
Домог мэт яригддаг гучин гурван говьдоо
Дархан гэж алдаршсан
Монгол эцгийн хүү болохоор
Доголон нулимстай хорвоогийн
Зовлонгийн учгийг тайлах гэж
Долоон удаа нум харвасан нь би байсан
Шинийн арван тавны бүтэн сартай үдэш
Ширмэл эсгийн дээр мэндэлсэн
Монгол эхийн хүү болохоор
Шийртэй эрсийн хийморь түшсэн овоо
Шилийн богдын оройд
Чулуу босгож тавьсан нь би байсан
Чуулсан оддын гэгээнд шүлэг тэрлэж
Чухамхүү ганц євгєдийнхєє сүнсэнд залбирч
Шүүдэр бөнжгөнөсөн говьдоо онгодын хүлэгтэй давхисан
Шүлгэн цагаан мөр минийх байсан.

Гэрэл үгүй бол сүүдэр гэж юуг хэлэх билээ

Ээжийн минь зөөлхөн гар үгүй бол
Эгэлгvй хатуу гэж юуг мэдрэхсэн билээ
Чиний минь ялгуухан хайр үгүйсэн бол
Чинь үнэн гэж би юунд итгэхсэн билээ


Жаргал гэж чи нэгийг бодвол
Зовлон гэж чамд өнөө нь бодогдоно оо
Бүхнийг чи өөр шигээн хайрлавал
Бүлээн дулааныг чи өдөр бүр мэдэрнэ ээ


Жаргах нарны гэрэлд жавартай үдшээн орхио
Маргаашийн мандах нарнаар магнайгаан тэнийлгэж амьдар аа
Өтөл нялхасын хооронд өчигдрөөн умартаж амьдар
Өнөөдрийн өөдлөх нарнаар өнгө нэмж амьдар аа


Найз гэж чи нэгийг онцолвол
Дайсан гэж чамд нэг оногдоно оо
Нөхөд гэж чи бүгдийг онцолвол
Дасаж бүгд чамайг хvндэтгэх болно оо


Гэрэл байдаг болохоор сүүдэр байдаг юм аа
Гэгээн байдаг болохоор бараан бас байдаг юм аа
Өдөр байдаг болохоор шөнө байдаг юм аа
Өр зүрх өвддөг болохоор догдлол баясалыг бас мэдэрдэг юм аа


Жаргал үгүй бол зовлон гэж юуг хэлэхсэн билээ...

Бүү няц

Юм бvхэн харлаж бүтэлгүйтээд байсан ч

Явж байгаа зам чинь уул өөд өгсөөд байх мэт санагдсан ч
Мөнгө зоос дутаж өр ширэнд баригдсан ч
Инээмсэглэмээр байтал санаа алдахаас өөр аргагvй байсан ч
Бvv няц
Зовиур шаналгаа таныг дараад байвал амарвал амар
Гэхдээ бүү няц
Эрээнтэй бараантай хорвоогийн жамыг бид мэдэх ч
Эцсээ хүртэл тууштай зогсож чадвал
Олон ялагдал ялалт болон хувирах болно.
Урагшаа ахих тань удаан санагдсан ч
Бүү няц
Дараагийн алхам танд амжилт авчирч мэднэ
Ганцхан бүү няц
Амжилт гэдэг бол бүтэлгүйдлийн нөгөө тал
Эргэлзлийн үүл манан дээрх мөнгөлөг гялбаа
Зорилгодоо хэр ойр байгаагаа та мэдэж чадахгүй
Алсын бараанаас хавьгүй ойр байж ч бас мэднэ
Бvv няц
Хүнд бэрх байвал тэмцэлд улам гүн шумбан ор
Бүү цөхөрч няц

Бүсгүй хүн

Бүрий нөмрөхөд саран байдаг

Бүжгийн талбайд гүнж байдаг
Бүхний өмнө гоо байдаг
Бүсгүй заяа нь эгэлгүй байдаг

Бүүдийх алсын гэгээ байдаг
Бүрхэг биш нартай байдаг
Бүлээн сэтгэл нь цайлган байдаг
Бүх эрчүүдийн хайр нь байдаг

Бүсгүй хүний хайр гэгээн байдаг
Бүлээн сэтгэл нь цагаан байдаг
Бүхний дээд үзэсгэлэн байдаг
Бүгд нийлээд хайр байдаг


Бүүвэйн дууны элбэрэл байдаг
Бүрэг зан нь ичимхий байдаг
Бүтэн сарны гэгээ байдаг
Бүүр холын наран байдаг

Бүсгүй та

Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү
Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү
Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын сахиус нь бүсгүй та юм шүү
Удмын хэлхээг залгах хүслийн чандмань эрдэнэ
Ургийн холбоог дархлах голомтонд гийсэн нар нь бүсгүй та юм шүү.
Сэтгэл зүрхээрээ надад онгодын сахиус илгээсэн
Бүсгүй минь та тэнгэрийн хүн
Бүсгүй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бүдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертөнцийн юм бүхэн чиний л төлөө хөдөлж байдаг
Ерөөлгүй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хөндлөн хэвтэнэ.
Тэртээх зуунд дайчин эрс чиний төлөө бүлээн цусаа урсгаж
Түмүүжин хаан чамайг амгалан байг гэж энэ улс гүрнэ байгуулж
Чиний үзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бүтээлээ мөнхөлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шүлгээрээ уралддаг
Эрхэс нараа тойрон эргэх тэнхлэг нь чи билээ
Эрдэмтэн мэргэд чамайг жаргаах гэж сургаал номоо хайрладаг билээ
Энэ цэлмэг хөх тэнгэрт минь алгасалгүй
Нар сар хүртэл чиний л төлөө ээлжилж хөөрдөг билээ.
Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дурлал хайраараа жаргаах гэж эр хүн ийм ухаантай байдаг
Дуурсах нэрээ өөрөө олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг
Будант энэ орчлонд чамайг
Бусдыг өөрөөсөө илүү хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хүн эх хүн болгосон билээ
Бүсгүй минь чи
Өглөө сэрээд инээмсэглэж байгаарай
Өнөөдөр, хоёр маргаашаас үнэтэй шүү

Хэрвээ чи бүсгүй хүн бол
Өндөр уулын оргил шиг бай
Чамаар тоглох гэсэн нэг нь
Уулын бэлээс буцах болно
Харин
Чамд хайртай нэг нь
Уулын оргил руу мацах болно
Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах, хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү

Бүсгүй

Харчуулын бяр заасан чадал тэнхээг бишрэн

Хамгийн энгийн агаад гүндүүгүй чанарыг нь дээдлэн
Хан уул шиг ноён нуруугий нь түшиж
Хайлган зангаар уяраан эрхэлж суух гэж
Уяхан дуу аялж туяхан биетэй төрсөн
Урт сайхан гэзэг, гоолиг нуруутай заяасан
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “Дарь эх”
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас,
Тэгшхэн заяатай айлын хугаршгүй нэгэн нуруу нь
Тэнгэрлэг сайхан амьдралын хугаршгүй нэгэн багана нь
Хонгор бяцхан үрсдээ өрлөг дагина эх,
Хосгүй янаг ханьдаа үүрд туяарах дэнлүү!
Хотол түмэн арддаа үйлсийн уран эзэн
Хорвоо дэлхийн цээжинд үнэнийг дуулах эгшиг
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн “Дарь эх”
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас.
Хүүхнүүдийн хайр, дөлгөөн харцгүй бол
Хүний орчлонгийн жаргал юу байхсан билээ
Хүүхнүүдийн халамж эхийн сэтгэл үгүй бол
Хүүхдийн зүрхэнд өлгийн дуу хэн аялахсан билээ
Эргэх хорвоод хүн болж төрөхдөө
Эхийн бүүвэйг анх сонссон үрс
Уужим гүн орчлонгийн уянгыг тэгж мэдрэхдээ

Унтахдаа хүртэл үнэгчлэн мишээдэг бус уу
Өргөө гэртээ асаасан гал голомт нь өөдрөг
Өр зүрхэндээ дээдэлсэн хайр сэтгэл нь үнэнч
Төр улсдаа өргөх үйлс нь ариун
Түмэн олондоо аялах эгшиг дуу нь уянгалаг-
Бүсгүй хүн гэдэг амилсан гэгээн Дар эх
Бүхий л орчлонгийн түмэнд амьдрал хайрласан Дагинас
Мишилзэн дуниарах талимаанд нь ган төмөр ч Уясах
Мэлмэрэн дуслах нулимсанд нь “галзуу” барс ч уярах
Байгаль эхээс заяатай гоо тансгийн охь,
Баяр жаргалаас уяатай гоё сайхны од,
Бүсгүй хүн-хорвоо дэлхийн уянга
Бөхөшгүй амьдрал хайрлах хоёр “туйлын” нэг.

Булбурай харагдавч

Булбарай бvхэн энхрий байх албагүй
Бухимдал төрvvлэгч болгон бузар байх ч албагүй,
Санаа зөв гээд заяа нь зөв байсан нь олон бишээ
Сайхан төрчихөөд зовон амьдрагчид ч цөөнгvй.
Дулдуй байх нь ичгүүр бус хожоо байх юм
Дур зоргоор авирлах нь эрх чөлөө бус алдаа болох юм.
Залбирал их хийгээд жаргасан хvн олон гэж үү,
Заль гаргасан гээд хохирч дууссан нь хэд байна?,
Даруу байна гэдэг сайхан чанар мөн ч, дарлуулдгийм
Дарь эх мэт бvсгүй мишээвч, чөтгөрийн дүрд хувилдгийм.
Зовлон гээчийг хүмүүс зоосгүй амьдралаар төсөөлөхийм
Заяа гэгчийг болохоор зурлага гэж харахийм,
Түмэн бодол эргэлдэхээр тархи толгой ядрахийм
Төөрөг муу ч юмуу гэж эргэлзэн гутрах юм.
Булбарай бүхэн үнэнч байх албагүй,
Буруу харагдсан ч цагаан хүмүүс байдаг л юм . . .

Амьдрахуйн уй

Амьдрахуйн уйгаар хаана чиг алслан тэнэдэг тавилан юм

Амьдран суугаа орноо адлаж битгий хараагаарай
Алгуурлахын уйгаар бvгд л амжуулж чаддаггvй ажил юм
Аав ээж хоёрынхоо мэндийг асууж яваарай
Санахын уйгаар хэний чиг самсааг шархируулдаг нутаг юм
Саатаж удсан нэгнээ уйлтал битгий дурсаарай
Энэлэхийн уйгаар бvгд л энгэртээ дусаадаг нулимс юм
Аргадаж арчих хvнгvй бол аньсагаа цөөхөн норгоорой
Элээхийн уйгаар хаана чиг элэгдэж хорогддог нас юм
Энд өнгөрөөсөн жилvvддээ эргэж битгий харамсаарай
Мөрөөсөхийн уйгаар хэн чиг мөрөөдөн санадаг хань юм
Мөд уулзахгvй нэгнээ шаналтал битгий дурсаарай
Зоосныхоо оронд заавал золиос нэхдэг амьдрал юм
Зоргоороо залуу насаа харамлаж битгий бодоорой
Ангахын уйгаар хэн чиг амраглахыг хүсдэг хүсэл юм
Аргамжиж яваа бол чи бусдыгаа битгий шоолоорой
Харамлахын уйгаар бүгд л хардаж боддог сэтгэл юм
Хайртай нэгнээ гомдтол хаширлаж битгий мөрдөөрөй
Хилэнгийн уйгаар хэн чиг хэрэлдэж маргадаг амьдрал юм
Чиний төлөө л зовж явна гэж чичиртэл битгий загнаарай
Гансрахын уйгаар бүгд л ганцаардаж цөхөрдөг амьдрал юм
Гараас чинь татах хүнгvй бол галзууртлаа битгий шаналаарай
Өнхөрч ирээд өглөө нь өнгөрч холддог өдрvvд юмаа
Өөдрөг золбоотой аавын хvv өвөртлөөд л буцдаг мөнгө юмаа

Амьдрал

Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгvй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!

Өнгө энэ алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!


Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө, зэлэн дээр жихүүцэж суугаа!


Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хvлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ!
Өвєл болохоос урьтаж, ээждээ нэг очоорой!

Амьдрал

Хан хорвоод амьдрахад

Хүсэж мөрөөдөх зүйл олон ч
Харин бүгдийг билүүлэхэд
Хад чулууг хазаж бутлахтай адил
Амьдрал өөрөө надаа
Алдаанаасаа ухаархыг заадаг бол
Алаг хорвоо надаа
Аз турших боломж өгдөг
Бүр холд байгаа хайрынхаа араас
Бүсгүй богино жолоо гүйцэж эс чадна
Нулмастай нүдээр бүхнийг харж
Нэгэл гунигтай үлдэнэ

Амь

Амьд яв гэж
Сэтгэлд минь бодол шивнэнэ
Амьдрал бол vхэл гэж
Айдас айлгана
Бие амь хоёр
Бие биенээ олсонд нь
Би баярлана
Хөдөлж байгаадаа бус
Амьд яваадаа л
Өөрийгөө би хvн гэж ойлгоно.

Оройтоогүй ээ

Анх чамайг төрхөд чинь юу хүлээж авсан бэ?
Аав ээж минь гэж андуурч болохгүй шүү!
Үгүй шүү чамайг байгаль эх хүлээж авсан
Үлээх салхи агаартай нь чи эхэлж танилцсан

Өнөөдөр чиний үрийг төрхөд бас л
Өнөөх агаар хамгаас түрүүнд угтана
Даанч тэр агаар чинь учиргүй бохирдож
Дэгдээхэй үрийг чинь хөнөөхөөр болжээ


Залуу зандан модыг нь огтлон авч
Зах зээл гээд мөнгөөр солихдоо
Орчноо устгахын эхлэл гэдгийг
Ойлгож байсангүй юу та нар минь


Сайхан бүхэн чинь үгүй боллоо яана
Сарнай цэцэг гэнэт ургахаа больвол яах вэ?
Бүгд минийх, биднийх гэсэн сэтгэлээр
Байгалтайгаа одоо харьцаж эхлэх боллоо

Жиргэх шувуу нь дуулж, жирвэлзэх горхи нь урсах
Жаргалтай сайхан орондоо
Ан гөрөөсөө харан, ангаахай үрээ дагуулан
Алхах шиг жаргал үгүй шүү дээ хүмүүсээ!

Амлалт

Жаргаана гэж би амлахгүй ээ

Жаргал гэдэг хоосон чанартай юм шиг
Зовоохгүй гэж би харин амлий
Зовлонг хүмүүс тодорхойлж чаддаг болохоор

Жаргаахгүй байя гэж бодож байгаа юм биш ээ
Заавал жаргаахыг хичээх болно
Зовоохын мэдрэмж чамд төрвөл харин
Золгүй эзэн нь би мөн байхын бол


Чамаас болж би зовлоо гээд
Зоригтой наддаа хэлж хайрлаарай
Зовлонг чинь ойлгох ухаан надад бий
Зовлонг чамд амсуулмааргүй байгаа болохоор


Чадах хийгээд чадахгүй бүхнээ
Чинийхээ зовлонгүйн төлөө
Чармайж хичээж зүтгий гэж буй
Чамд өгч буй миний нэгэн амлалт


Хорвоод амьдрах хугацаагаа дуустал
Хором мөч улирах бүрд чамайгаа
Хайрлана гэж үнэхээр би амлий
Хайрласан сэтгэл минь дундрашгүй болохоор


Дундарсан мэт сэтгэгдэл төрүүлэх аваас
Духан дээр минь үнсээд нэг
Дутуу халамж тавьсныг минь
Дурьдан нэг зэмлээрэй намайгаа


Сэтгэлдээ бодогдсон зүйлийн үзүүрийг
Сэм сэмхэн бусаар сэрүүлж хайрлаарай
Зэмлэлийг чинь мэдрэх мэдрэмж надад бий
Зэврүүн мэдрэмж чамд төрүүлмээргүй болохоор


Хоосон сэтгэгдэлийг чамаасаа
Хол байлгахын учир
Халамж хайраар дутаахгүй гэж буй
Хоёрдох нь болж байгаа миний амлалт

Алсад ч, дэргэд ч очиж

Алсад ч, дэргэд ч очиж үзээгүй газар өчнөөн бий
Алгаараа ч, харцаараа ч мэдэрч үзээгүй цэцэгс төчнөөн бий
Алдсанаа ч мэдэлгүй будилж одсон учрал зөндөө бий
Амьдралд авч болдоггүй зүйл гэж хичнээн олон юм бэ дээ
Амттай гэсэн дарс болгоныг бид уух албатай гэж үү
Өнгөтэй гэсэн цэцэг бүхнийг бид тасдах албатай гэж үү
Сарвайсан бүхнээ авах гэсэн зоргоор хүслэнт хүмүн бидэнд
Сар наран өгөөмөрөө дэлгэж цацрагаа ямагт илгээнэм
Алгасаж одсон хичнээн өртөөнд нөхөж буудаллах шиг
Алдаж оносон хичнээн буруугаа ухаарлаар гэмших шиг
Аяа, амьдрал гэдэг төгс бусын их далайн гүнд
Алдхан биеээрээ уусаад сувд болон мөнхөрнөм бид

Алаг дэлхийд төрсөн минь учиртай

Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Аавын гэрийн амар тайвныг эвдээд би
Ачит эхээ арван сар зовоосны эцэст
Алаг vр нь болж баярлуулах гэсэн юм би
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Гэмгvй шувуудын vvрийг эвдэж өндгий нь няцлаад
Хэрсvv сууж ухаан орсныхоо эцэст
Гэнэн насаа өрөвдөж зовж явах гэсэн юм би
Гэрэлт орчлонд төрсөн минь учиртай
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Адуу манаж дассан атархан тал нутагтаа
Анхны дурлалтай учирч эмнэг сэтгэлээ яраагаад
Аз дутаж амьдралын турш мөрөөдөх гэсэн юм
Алаг дэлхийд төрсөн минь учиртай
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Тохойн чинээ vрийнхээ шөнийн уйлахыг сонсож
Төрсөн эцгийндээ авчирсан зовлон баяр хоёрыг
Тоо ёсоор нь өөрөө амсаж мэдэх гэсэн юм би
Тоост хорвоод төрсөн минь учиртай
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Дуулж суугаад ээжийгээ уйлахыг нь vзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдсэн
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай
Хvлгийн зоо болсон төрсөн нутагтаа амьдрах гэж
Хvvгийн сэтгэлээр эх орондоо хайртай байсан юм гэж
Хойч vеэрээ ам бардам хэлvvлэх гэсэн юм би
Хөрст дэлхийд төрсөн минь учиртай

Би чиний тал

Ханилахын зөнд хатаж
Харь холын салхи зайчилж
Санаа алдахын цагт
Би чиний тал
Хайр бүхнээ цуглуулж
Хагацахдаа,хацарт чинь үнсэхдээ шингээчхээд
Сэтгэл эзгүйрч явахын цагт
Би чиний тал
Хатуу хорвоогийн дэнсэнд тэнцэхсэн гэсэндээ
Харамсалдаа хатаагдаж
Бодолд унаж суухын цагт
Би чиний тал
Хар дарсан зүүд шиг заяанд
Орь залуугаараа гундан байж
Чамайгаа санахын цагт
Би чиний тал аа ...

Би ухаарсан

Зовхион єргєж, сормуус дэрвvvлэн, ширвэлзэх бvсгvй чи
Зоргоороо араншинд минь сєгдєєд одоо хэрэггvй ээ!
Зvггvй явснаан зvхэж, єєрийгєєн бvv буруутга аа!
Зvрх сэтгэлдээн бол чамайг би, аль эрт уучилсан
Зєвхєн уруулуураа хэрхэн vнсдэгийг чинь харин мартчихсан
Зєрvvдхэн зангаараа зvдрээж байсныг чинь л ер мартаагvй
Зvйдэлтэй, залгаатай дээлээр гангарч болдог
Орчлонд
Завсартай, зайтай сэтгэлээр амьдарч болохгvйг
Ухаарсан

Би хайртай

Аврал эрж ханцуйндаа залбирсан,шүтээндээ би хайртай
Ангаахай багаасаа тоглож өссөн нутагтаа би хайртай
Алтан амийг минь өмөөрч өсгөс?н эжий аавдаа хайртай
Амьдралын алдаа оноонд хамт байсан ээждээ би дэндүү хайртай
Хавар нь ирж намар нь буцах шувуудад би хайртай
Хагацан одовч биесээ үгүйлэх найз охиндоо би хайртай
Хат сууж амьдралыг дэнслэх өөртөөн би дэндүү хайртай

Би Монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно


Би
Хөхөөтэй зуны цэцгийн алаг шvvдрээр хөлөө гоёдог
Хvрэн толгойн сvvдрийн айзам жавхаагаар нь хоолойгоо гоёдог
Зэрэглээтсэн талын бараан нvvдлээр харцаа гоёдог
Зээгэлсэн шар толгодын алтан хормойгоор хаяагаа гоёдог
Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь vдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргvvн сарын шинийн нэгэнд ашдын билэгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог
Би Монголоороо гоёдог
Ширгэшгvй Хэрлэнгийнхээ усыг нар зөв бvсэлж гоёдог
Шилгэшгvй нутгийнхаа уулсийг нас зөв тvшиж гоёдог
Би Монголоороо гоёдог
Морьд эргэсэн наадмын дурдан тоосоор нь дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог
Алган дотор хавчигийн цагаан чулуу алгаараа ташчихад
Ангаахай гардаг болов уу гэж томоогvй насаа vнэмшиж
Аргал тvvхдээ хvртэл саврын хумснаас өмөөрөн
Алтан ширээгийнхээ чулууг шувууны амиар хайрласан
Аргалын чинээ уул байлаа ч зулайд нь хvргэж залбирна аа Эх орон минь
Алгын чинээ нутагтай гэвч заяа минь гэж тайтгарна Эх орон минь
Буйран чинээхэн уулс байвал сөхөрч суугаад жаргана
Бvрэн эрхт Монгол минь байхад сvvгээ өргөөд залбирна аа
Эх нутгийнхаа хvйтэн бороонд ч дулаацсан
Дулаацсан биенээс минь хийморь савссан
Савссан омогийн нvцгэн мананд
Сая тэнцсэн унага Монголоо эрнэ
Би Монголоороо гоёдог
Би Монголоороо гоёно

Би бусадтай адилхан

Надад бадаг шүлгийнхээ дотор

Бурхан болох эрх бий
Багцхан бодлынхоо гvнд
Буг явах ч vе бий
Гэвч
Дээшээ тэнгэр туллаа гээд
Нарыг харавч
Дэлхий ээжтэйгээ цацлаа гээд
Сараар тогловч
Би хvн
Vvлтэй тэнгэрт харагдахгvй
Од явлаа ч хvн
Vхэлтэй амь булаалдаж
Мєнх насаллаа ч хvн
Би бусадтай л адилхан
Vйлийн vртэй хорвоод
Инээж, уйлдгаараа
Vзvvр нь харагдаагvй амьдралд
Алдаж, онодгоороо
Бусад ч надтай адилхан
Vхэлтэй учрах мєчид
Vнэнээс зєрж чадахгvй
Шороон дор ордгоороо
Эйнштейн ч адилхан
Энгийн ч
Эрдэмтэй, цуутай ч
Ив ижилхэн
Илvv ургасан хуруу
Гарт нь байхгvй
Илvv амьдрах нас
Хэнд нь ч олдохгvй
Vvгээрээ бид адилхан
Хvн гэдгээрээ ижилхэн
Энэ миний тодотгол
Одтой тэнгэрийн дор бид олуулаа
Орших оришхуйн заагт цєєхvvлээ, Хvмvvс ээ!

Би итгэдэг

Сүүдэр залгаж

Гэрэл ирдэгт итгэдэг
Сүнсээ зайдалсаар хүн
Ертөнц дамжидагт итгэдэг
Нүглийн саванд ч
Буян тунадагт итгэдэг
Нүд нүдээ олж
Хайр төрдөгт итгэдэг
Би
Буцахийн гуниг сэврээгүй байхад
Ирэхийн зар түгдэгт итгэдэг
Бүдрэхдээ унагасан дуу
Босохын уриа болдогт итгэдэг
Үүрдийн юм шиг явсан ч
Үүрээр чамтай сэрнэ гэж итгэдэг
Үхэл намайг ялахын тулд өтлүүлдэг ч
Үр минь үлдсэнээр ялагдашгүй гэдэгтээ итгэдэг...

Учрал

Бүсгүй та
Гунигийг минь тайл
Бүр эртний шархийг минь
Сэтгэлээрээ тэмтэр
Бүгдийг дулаацуулдаг
Инээмсэглэлээ нэвт цацаж
Бороо хүлээж гандсан
Зүрхэнд минь өглөөг авчир
Бүсгүй та
Надаас бүү дөл
Бишүүрхэл,ихэрхэл
Буруу санаанд хиртээгүй
Бүжиг хархан нүднийхээ
Бүжин гэнэн харцаар
Бурхад хүртэл орломгүй
Бүсгүй аалиа илгээ
Сэтгэл минь харцаар чинь эдгэж
Шинэ өглөөг инээд чинь авчирхийн цагт
Шилгээж өндийсөн идэр залуугийн харцнаас
Ширтээд ч ханамгүй хайраа чи олноо ...

23 March 2010

Өөртөө л итгээрэй

Магтаалын үгэнд бардаад яахав
Үнэн үгэнд хонзогноод яахав
Худалч хүнд хууртаад яахав
Хуурамч хүмүүст гомдоод яахав
Залхуу хүнд найдаад яахав
Замбараагүй явдалтанд үнэмшээд яахав
Амалсан бүхэнд итгээд яахав
Алдсан юманд харамсаад яахав
Арван хуруу тэгш биш дээ
Алдаа оноогоо эргэцүүлж бодно биз
Шударга үнэнийг олоход бэрх дээ
Шулуухан хэлэхэд өөртөө л итгээрэй

Өөрөө мэд

Амьдралын замаар яаж явахаа өөрөө мэд
Алдаж онож зовлон жаргалыг бас мэдэр
Хэн нэгнийг хайрлаж хайрлуулж нэг үз
Хvсэл зорилгодоо хvрэхийн тулд урагшаа тэмүүл


Хатууж гэсэн хорвоогийн жамыг яаж сөрөхөө өөрөө мэд
Хагацал гуниг ганцаардлыг энэ биеэрээ туулаад үз
Энэ бvгдийг туулаад зүдрэлгvй чи амьдарсан бол
Магад чиний сэтгэл зүрх өөрөөр цохилж чаджээ


Алдар хvнд гавъяа цолоо яаж авч явахаа өөрөө мэд
Алдхан биендээ багтамгvй аархаж сагсуурах зангаа хая
Эхийг мэдэж эрдэм мэдлэгийг өвөртөлж чадсан бол
Өрөөл бусдын ухааныг тэлж өчvvхэн ч гэсэн тvгээж яв


Аз жаргалтай гэр бүлээ яаж тогтоохоо өөрөө мэд
Ахиад чамд олдохгүй гэж бие сэтгэлээ бүрэн зориул
Сайхан хань үр хvvхдээрээ үргэлж өөрийгөө баясгаж яв
Өглөө бүрийг инээж угтан өөдрөг үзлээр өдрийг хар


Өөрөө мэд гэсэн шиг өргөс шиг амьдар гээгүй юм шүү
Өөрлүүгээ харин энэ бүхнийг соронзон мэт татаж амьдраарай


Б. Пүрэвсүрэн

Би Монгол эр хүн

Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн


Би тулганд цойлон дүрэлзэх хүчит догшин галын дөл
Би шүлэг тэрлэн шүүрс алдах омог бардам Монгол эр хүн
Би халхын сайхан бүсгүйн харааг булааж хайрыг татсан
Би сэтгэл сэргээх айзам урсгаж уяран сагах Монгол эр хүн


Би нартад хорогдон шуугих хялмаат ширүүн шуураганы ширхэг
Би дуу аялан сэтгэл тайтгарч шуранхай хадаах Монгол эр хүн
Би сэтгэлийн сайхнаар ханиа дээдэлж халамжаа бүхэнд харамгүй хайрлах
Би халуун сэтгэл энэхэн биеээ бусдад зориулах Монгол эр хүн


Би хээрийн салхинд ариуссан энгэрийн ганцхан модны навч
Би энхрий нутгаа бусдаас харамлаж дээшээ огших Монгол эр хүн
Би аргалын утаа үнэртэж ангир уургаа залгилж өссөн
Би тэнгэртээ сүслэн наранд залбирах хөх толботой Монгол эр хүн


Би дэлхийд тааваар амьдрах дээдэс заяат Монгол эр хүн
Би дээлээ бүсэлж хөөрөг зөрүүлэх дээшээ хиймортой Монгол эр хүн
Би морин дэлдээр дарцаглан Монголоо гээд цээжээ дэлдээд
Би морьтон ардын удам залгах уурага сунгах Монгол эр хүн


Би морин дэлдээр дарцаглан Монголоо гээд цээжээ дэлдээд
Би барцадгүй Монголын төлөө тэмцсэн өвгөдийнхөө зарлигтай Монгол эр хүн


Ая УГЗ Д.Цэвээнравдан Үг Д.Энхтайван Р.Баярсайхан

Би мэднэ

Би энгийн байхыг хүсдэггүй
Гэхдээ эгэл жирийнээр амьдраад үхнэ гэдгээ мэддэг
Миний хүсэл хязгааргүй..
Гэсэн ч амьдрал баян бөгөөд бас харамч гэдгийг мэднэ
Би өөртөө итгэдэг
Өөрийгөө өөрчилж чадсан хүн л өөрөөр амьдардгийг мэднэ
Би мэднэ
Амьдрал гэрэлтэй бас сүүдэртэй гэдгийг..


from. Бодолд асгарах бороо

Би, гайхдаг

Тамхи сорохын тоогоор санаа алдаж
Санаа алдах бүртээ,
Салхиар яагаад амьсгалдагаа
Санаашрал гэж чухам юу болохыг гайхдаг /чи тэгдэг үү?/

Би,
Тааз ширтэн хэвтэхийн тоогоор хэрэн тэнүүчилж
Хэрэн тэнүүчлэх бүртээ,
Хэн нэгнийг яагаад хайдагаа
Хэрмэл сүнс надаас чухам юу хүсдгийг гайхдаг /чи тэгдэг үү?/


Би,
Унтахын тоогоор нисэж байна гэж зүүдэлдэг
Зүүдлээд сэрэх бүртээ,
Далан дээр минь яагаад ийм сорви байдгийг
Даль жигүүрээ чухам хаана гээснээ гайхдаг /чи тэгдэг үү?/


Би,
Хүн гэж нэрлэгдэхээс, хүч чадалтай байхаасаа ичдэг
Ичих тоолондоо тэгээд,
Ургамал бас амьтад хүмүүст ямар гэм хийснийг
Ухаан, хайр хоёр чухам юунд хэрэгтэйг гайхдаг /чи тэгдэг үү?/


Би,
Сэтгэл гээч амьтан дотроос минь урах тоолонд
Сэмэрч навсарсан биеэ бусдаас нуух бүртээ
Амар амгалан гэдэг амьны үнээр л олдоход итгэж
Аль нь чухам надад хамгаас үнэтэйг гайхдаг /чи тэгдэг үү?/


Б.Батзаяа
 
 
Copyright © Reset