Showing posts with label Хайр. Show all posts
Showing posts with label Хайр. Show all posts

24 March 2010

Амлалт

Жаргаана гэж би амлахгүй ээ

Жаргал гэдэг хоосон чанартай юм шиг
Зовоохгүй гэж би харин амлий
Зовлонг хүмүүс тодорхойлж чаддаг болохоор

Жаргаахгүй байя гэж бодож байгаа юм биш ээ
Заавал жаргаахыг хичээх болно
Зовоохын мэдрэмж чамд төрвөл харин
Золгүй эзэн нь би мөн байхын бол


Чамаас болж би зовлоо гээд
Зоригтой наддаа хэлж хайрлаарай
Зовлонг чинь ойлгох ухаан надад бий
Зовлонг чамд амсуулмааргүй байгаа болохоор


Чадах хийгээд чадахгүй бүхнээ
Чинийхээ зовлонгүйн төлөө
Чармайж хичээж зүтгий гэж буй
Чамд өгч буй миний нэгэн амлалт


Хорвоод амьдрах хугацаагаа дуустал
Хором мөч улирах бүрд чамайгаа
Хайрлана гэж үнэхээр би амлий
Хайрласан сэтгэл минь дундрашгүй болохоор


Дундарсан мэт сэтгэгдэл төрүүлэх аваас
Духан дээр минь үнсээд нэг
Дутуу халамж тавьсныг минь
Дурьдан нэг зэмлээрэй намайгаа


Сэтгэлдээ бодогдсон зүйлийн үзүүрийг
Сэм сэмхэн бусаар сэрүүлж хайрлаарай
Зэмлэлийг чинь мэдрэх мэдрэмж надад бий
Зэврүүн мэдрэмж чамд төрүүлмээргүй болохоор


Хоосон сэтгэгдэлийг чамаасаа
Хол байлгахын учир
Халамж хайраар дутаахгүй гэж буй
Хоёрдох нь болж байгаа миний амлалт

Алсад ч, дэргэд ч очиж

Алсад ч, дэргэд ч очиж үзээгүй газар өчнөөн бий
Алгаараа ч, харцаараа ч мэдэрч үзээгүй цэцэгс төчнөөн бий
Алдсанаа ч мэдэлгүй будилж одсон учрал зөндөө бий
Амьдралд авч болдоггүй зүйл гэж хичнээн олон юм бэ дээ
Амттай гэсэн дарс болгоныг бид уух албатай гэж үү
Өнгөтэй гэсэн цэцэг бүхнийг бид тасдах албатай гэж үү
Сарвайсан бүхнээ авах гэсэн зоргоор хүслэнт хүмүн бидэнд
Сар наран өгөөмөрөө дэлгэж цацрагаа ямагт илгээнэм
Алгасаж одсон хичнээн өртөөнд нөхөж буудаллах шиг
Алдаж оносон хичнээн буруугаа ухаарлаар гэмших шиг
Аяа, амьдрал гэдэг төгс бусын их далайн гүнд
Алдхан биеээрээ уусаад сувд болон мөнхөрнөм бид

Би чиний тал

Ханилахын зөнд хатаж
Харь холын салхи зайчилж
Санаа алдахын цагт
Би чиний тал
Хайр бүхнээ цуглуулж
Хагацахдаа,хацарт чинь үнсэхдээ шингээчхээд
Сэтгэл эзгүйрч явахын цагт
Би чиний тал
Хатуу хорвоогийн дэнсэнд тэнцэхсэн гэсэндээ
Харамсалдаа хатаагдаж
Бодолд унаж суухын цагт
Би чиний тал
Хар дарсан зүүд шиг заяанд
Орь залуугаараа гундан байж
Чамайгаа санахын цагт
Би чиний тал аа ...

Учрал

Бүсгүй та
Гунигийг минь тайл
Бүр эртний шархийг минь
Сэтгэлээрээ тэмтэр
Бүгдийг дулаацуулдаг
Инээмсэглэлээ нэвт цацаж
Бороо хүлээж гандсан
Зүрхэнд минь өглөөг авчир
Бүсгүй та
Надаас бүү дөл
Бишүүрхэл,ихэрхэл
Буруу санаанд хиртээгүй
Бүжиг хархан нүднийхээ
Бүжин гэнэн харцаар
Бурхад хүртэл орломгүй
Бүсгүй аалиа илгээ
Сэтгэл минь харцаар чинь эдгэж
Шинэ өглөөг инээд чинь авчирхийн цагт
Шилгээж өндийсөн идэр залуугийн харцнаас
Ширтээд ч ханамгүй хайраа чи олноо ...
 
 
Copyright © Reset